Thursday, April 20, 2017

ТОЛГОЙН ӨВЧИН



    Ядрал зүдрэл болон бусад олон өвчнөөс шалтгаалж толгой өвдөх шинж тэмдэг гардаг. Үүнд: Мэдрэлийн чанартай, цусан судасны чанартай, ядаргааны чанартай толгой өвдөх нь олонтоо тохиолдоно. Мөн ханиад дагшуур, ямар нэгэн шалтгаанаас болж халуурах, хордлого, цусны даралт ихсэх гээд маш олон өвчний үед толгой өвдөх хам шинж тэмдэг илэрнэ. Гэвч ямар нэгэн өвчнөөс болсон толгой өвдөлт нь тухайн өвчний шалтгааныг арилгаж өгвөл даруй намдана. Харин шалтгаан нь тодорхойгүй буюу тархины судасны чанартай, мэдрэлийн чанартай, гэмтлийн чанартай архаг толгой өвдөлтийг клиник дээр толгой өвдөх өвчин гэнэ. Толгой өвдөх өвчин нь харьцангуй том ойлголт, дотроо олон янз байдаг тул энд хамгийн их тохиолдох толгойн хэдэн өвчнийг дурдах болно.
Толгой таллан өвдөх: Энэ нь ихэнхдээ тархины цусан судлын өөрчлөлтөөс болно. Залуу эмэгтэйчүүдэд олон тохиолдох ба заримд нь удамшлын чанартай дамжин ирэх ч бий. Цус багадал, агаарын дутагдал, ядаргаа ихсэх үед өвчин сэдрэн хөдөлнө. Амарч унтсанаар намдах, тархины бичлэг, CT, MRI оношлогоо шинжилгээгээр онц зүйл гардаггүй.
Бухимдлын чанартай толгой өвдөлт: Яарч сандрах, ядрах, нойр муудах, мэдрэл хөөрөхөд толгойн өвдөлт хүндэрч хөдөлнө. Байнга хүзүү нуруугаар чинэрч хөшиж өвдөх шинж гардаг.
Тархины даралтын чанартай толгой өвдөлт: Гэмтэл буюу ямар нэгэн шалтгаан нөхцөлийн улмаас гавлын хөндийд цусны судасны нэвчдэс ихэссэн, цусны судас нарийссанаас болж тархины даралт үүснэ. Мөн тархи толгой доргиж тархины хоёр бөмбөлөгт байдаг шингэний байр хэмжээ үл мэдэгдэм өөрчлөгдөх үеийг “тархи хөдлөх” гэнэ. Хятадаар “Но жен тан” гэдэг. Толгой тархины өвчин нь мэдрэл, цусан судас, таван эрхтэн гээд маш олон нарийн төвөгтэй асуудал шалтгаанаас ирдэг тул хөнгөн бол дараахь аргаас сонгон хэрэглэж хүнд бол мэргэжлийн эмчид хандан шалтгааныг нь тодорхойлон эмчлэх нь зүйтэй юм. Бага сага толгой өвдөхөд хятад анальгин “zhen tong pian” эмээс нэг ширхэгийг уувал намдана. Хятад эмнэлгийн ёсонд толгой өвдөх өвчнийг гадна ба дотор шалтгаант хэмээн хоёр ангилан үздэг. Аль нь ч байсан нохойн хошуу 10 г, хунчир 30 г-ыг буцалган ууж байвал тустай. Толгой таллаж өвдвөл цай хү, чуан шүн, ман жиан зи, тиан ма, чин пи-ээс тус бүр 15 г-ыг буцалган уулгахын хамт tai yan xue, feng ci bai hui  бэлчирт  зүү хатгавал эдгэнэ. Мөн чиан хө шин ши 羌 活 生 湿 汤 танг өгнө  гэж “Нутгийн эмчийн гар дэвтэр”-т заасан бий.
Монгол, Төвд эмнэлэгт нян цусны шалтгаант толгой өвдөх мөн хий мэдрэлийн гаралтай толгой өвдөх гэж ангилна. Эм засал нь хоорондоо тохирох ба адил төстэй байдаг тул нидахажор, ноцог-6-г өглөө орой ээлжлэн өгөх, цусны хувь их бол марчин-13-ыг буцалган хөргөж өдөрт хоёр удаа өгөх, орой гүргэм-13-ыг дэгд шитанаар даруулан уулгавал үр дүн нэлээд сайн байдаг. Мөн мана-жүтанг буцалган уулгаж байвал тустай. Эмэгтэй хүмүүст бол бүрэгрэй-3-аар рашнамжилыг даруулан уулгавал ач тус түргэн гарна. Хэрэв хий мэдрэлийн өвчин хавсарснаас нойр муудан толгой дүүрэх нь их бол агар-35, агар-17 хавсарган өгвөл сайн. Халууны шалтгаанаар толгой хатгалан өвдөхөд митод, сүмжидэгд, бүрэграй, арүр башгаар бүтсэн танг өдөр дунд, шөнө дундын цагт шүтүүлвэл эдгэрнэ гэж ”Аливаа өвчинд туслагч арүрын цоморлог”-т бичигдсэн байдаг. Туршлагатай эмч нар цусыг шингэлж ханавал цус шарын гаралтай толгой өвчинд тустай гэж бичсэн нь судар номд олонтоо гардаг. Биднийг оюутан байхад ханах заслын мэргэжилтэн Шаравнямбуу багшийн зааснаар маш олон өвчнийг зөвхөн ханах заслаар дарж болно гэж ярьдаг байлаа. Жишээ нь: Цус шар хөөрч толгойн орой бамбалзан өвдөх, нүд улайж, толгой чинэрэн өвдөх, цусны даралтаас болж толгой өвдөх зэрэгт ханах бэлтгэлийг хийж ханавал үр дүн сайн байдаг.
Тархи домнох арга: Хөдөө  нутагт морь тэмээ унаж ойчиход цул сав, тархи толгой зэрэг нь гэмтэж доргих, цус хөдөлгөх цус цалгих, цус хөөрөх, тархи хөдлөх гэм үлэмж байж энэ нөхцөл байдалд тохирсон ханах засал, тархи домнох заслыг Монголчууд аль эртнээс үйлдсээр ирсэн. Энэ тухай VIII зууны үед зохиогдсон Ётог Юндэнгомбын “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т Монголын ханах заслын тухай тэмдэглэл байдгийг “Дэлхийн олон улсын монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний тусгай өгүүлэл” дэхь  Жигмэдийн илтгэлд тодорхой тусгасан байдаг. Монголчуудын тархи домнох засал нь эртнээс уламжлагдсан шилдэг сайн аргын нэг болно. Домнох засалд тархи домнох, ходоод домнох, сав бөөр домнох гэж олон янз бий. Энд толгой барих буюу тархи домнох талаар товч танилцуулъя.
Толгой барих: Толгойн орой, хөмсөгний хооронд хоёр чамархай, шилэн хүзүүний хоёр тал, дал мөр зэрэгт боломжийн хирээр сайтар дарж нухалж байвал толгой өвдөх, хөөрөнгөөр толгой өвдөх, ядаргаагаар толгой өвдөхөд тусална. Учир нь энэ хэсэг цэгүүдэд хятад эмнэлгийн өвчин анагаах мөнгөн зүүний ором байдаг.
Домнох засал   
Тархи хөдлөх, доргих мөн түүнийг домнох, эмчлэх засах арга бол нүүдлийн мал аж ахуйгаар голлосон монгол оронд нэн чухал шаардлагатай байдаг. Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн энэхүү сонгодог эмчилгээний аргыг шинэ үеийн залуу эмч нар дадлага туршлагын түвшинд эзэмших хэрэгтэй юм.
Өвөрмонголд түгээмэл хэрэглэж байгаа тархи домнох аргууд:
    1.Илж домнох; Өвчтөний толгойн хэсгийг бөмбөрдөн, толгойн оройноос дарж илэх, өвдөж байгаа газар нь нидэрч нухлах, хүзүүг нь шувтарч илэх, чамархайн хонхорт нь шигтгэх зэргээр домнож болно. Тус аргыг голдуу хөнгөн зэргийн тархи доргисон гэмийг домноход хэрэглэнэ.
    2.Шидэмдэж домнох; Өвчтөнийг сандал дээр тэгш суулгаж, зөөлөн бүсээр 2 чихнийх нь дээгүүр  ороогоод аль  талаар доргисон тэр талаас нь эхлэн бүсний 2 үзүүрийг солибуулан чанга татаж нөгөө гараараа жижиг уяагаар толгойноос  1ямх  зайтай татлага бүсэн дээр 3 удаа хүчтэй цохиж дараа нь толгойн  нөгөө 3 талд нь энэ мэтээр тус бүр 3 цохиод  архи үлээсний  дараа 2 алгаараа толгойн 8 талаас  дотогшоо хавчин шахаж илээд  дахин толгойн оройн хэсгээс доошоо чичрүүлэн татаж, 5 хурууны хумсны өмнө талаас нь үсний гуурс өөд хэд шигтгэж толгойноос  нурууны гол зүг  нугас дагуу сайтар шүргэж илээд нарийн бүсээр  толгойг нь боож тавина. Ердөө энэ мэт  домносны дараа 7 хоног боолтыг нь авахгүй сувилна. Тус аргыг ихэнхдээ дунд зэргийн  тархи доргисон гэмийг домноход хэрэглэнэ
    3.Татаж домнох; Тус арга нь шидэмдэж домнох аргатай  адилавтар  байдаг. Зөөлөн ороолтын  бүсээр  шидэмдэж  цохих, алхам  дарааг өөрчилж шууд ороолтын бүсийг татна. Даруй 1 гараараа өвчтөний толгойг чанга атгаж  нөгөө гараараа ороолтоо хүчтэй татна. Доргисон талаас эхлээд нөгөө 3 талыг бүр энэ мэтээр татна. Тус арга мөн дунд зэргийн тархи доргисон гэмийг засахад хэрэглэнэ
    4.Цохиж домнох;  Өвчтөнийг сандал дээр төв  суулгаж, зөөлөн бүсээр чихэн дээгүүр нь ороож ар тийш нь татаж нөгөө гараараа хий үлээсэн арьсан уутны амсраас  чанга атгаж  доргисны эсрэг талаас нь 3,3 аар 9 цохиж домноно. Гэхдээ арьсан уутаа урьдчилан бэлдэж тавих ёстой. Их бага 2 нударганы  төдий бөгөөд хий гарахгүй бүтэн арьсан  уут байвал сайн. Дараа нь толгойг нь бөмбөрдүүлэн илж ийш тийш сажлуулан нарийн бүсээр толгойг нь боож 7 хоног сувилна. Тус аргыг мөн дунд зэргийн тархи доргисон гэмийг домноход хэрэглэнэ. Тархи доргисныг домнохдоо өвчний хүнд, хөнгөн зэргийг үндэслэн дээрх домнох аргуудаас аль тохиромжтойг нь сонгох бөгөөд  домнох хугацаагаа ч зохистой тогтооно. Ерөнхийдөө  3-5 хоногт 1 удаагийн домнох засал хийдэг.  Хөнгөн нь  1 удаагийн дом засал, хүнд нь 5 удаагийн дом заслаар бүрмөсөн  эдгэрч болох юм.

No comments:

Post a Comment

respiration systema